网站首页设为首页收藏本站

蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

 找回密码
 注册
查看: 4385|回复: 1
打印 上一主题 下一主题

中蒙商务论坛

[复制链接]
跳转到指定楼层
1#
发表于 2011-6-19 11:35:58 | 只看该作者 |只看大图 回帖奖励 |倒序浏览 |阅读模式
Эрхэм хүндэт бизнес эрхлэгчид ээ,Хатагтай, ноёд оо,
Юуны өмнө энд хуран цугласан Монгол, Хятадын бизнес эрхлэгч Та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Мөн БНХАУ-д хийж буй албан ёсны энэхүү айлчлалын хүрээнд та бүгд ажил хэргийн уулзалт ийнхүү зохион байгуулж, намайг урьсанд талархаж буйгаа илэрхийлье. Монгол Улсын Ерөнхий сайдын энэ айлчлалын гол ач холбогдол нь хоёр орны хөршийн, харилцан итгэсэн, түншлэлийн харилцааг стратегийн түншлэлийн харилцаа болгон дээшлүүлж зарлахад оршиж байна.
БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вянь Зябаотай гол хэлэлцээгээ үдээс хойш хийхээс өмнө хоёр орны ажил хэрэгч хүмүүс, бизнесийн төлөөлөгчид Та бүхэнтэй уулзаж байгаадаа билэгшээж байна. Учир нь стратегийн түншлэлийн харилцааны хөдөлгөгч гол хүч бол худалдаа, хөрөнгө оруулалт, харилцан ашигтай, хамтаар хожих хамтын ажиллагаа, өөрөөр хэлбэл энд цугласан та бүгдийн хамтын үйл ажиллагаа, түншлэл юм.
Монгол, Хятадын ард түмэн олон зууны турш худалдаа, арилжаа эрхэлж ирсэн түүхэн уламжлалтай. Энэхүү түүхэн уламжлалт худалдаа, бизнесийн харилцаа нь даяаршилын өнөөгийн нөхцөлд манай хоёр орнуудын хувьд бие биенээ нөхсөн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хамтдаа хөгжих түүхэн сайхан боломжийг олгож байгаа юм.
БНХАУ-ын өсөлт дэвшил нь хөгжлийн эдийн засгийн талаарх ойлголт, түүний хүрээг тэлж, хүн төрөлхтний түүхэнд урьд өмнө ажиглагдаж байгаагүй шинэ шинэ рекорд амжилтаар баяжуулсан. Хятадын ДНБ-ний өсөлтийн хурдац, валютын нөөцийн хуримтлал, нэг жилд ядуурлаас гаргаж буй хүний тоо зэрэг дэлхийг гайхуулсан статистикийн олон шинэ үзүүлэлтүүдийг энэхүү өсөлт нь бий болгосон. БНХАУ-ын эдгээр амжилтуудад монголчууд бид баяр хүргэж, улам дэвжин цэцэглэхийн ерөөлийг өргөн дэвшүүлж байдаг. Дорнын их сэтгэгч Зуанг Зи “амьдрал хязгаартай, харин мэдлэг хязгааргүй” хэмээн хэлсэнчлэн өнөөгийн бидний мэдэхгүй, мэдээгүй байгаа олон сайхан шинэ даваа, шинэ амжилтыг Хятадын эдийн засгийн үсрэнгүй хөгжил цаашид ч үзүүлнэ гэж би төсөөлдөг.
Эдгээр амжилт нь зөвхөн БНХАУ-ын амжилт биш бүхий л хүн төрөлхтөнд эерэг нөлөөтэй амжилт гэдэг нь 1997, 2008 оны үндэстэн дамнасан хямралуудыг дэлхийн хамтын нийгэмлэг гэтлэн туулахад Хятадын эдийн засгийн өөдөө цойлох хүч хэрхэн тус нэмэртэйгээр нөлөөлснөөс тод харагддаг. Цаашдын амжилтууд нь мөн л тийм нөлөөтэй байна гэдэгт бид итгэдэг. Энэ утгаараа БНХАУ-ын өсөлт хөгжил нь хаяа дэрлэн оршиж буй монголчууд бидэнд мөн л ашигтай, цаашид эерэг хаялгатай байна гэж бид ойлгодог. Тэртээ түмэн бээрийн цаана байгаа айлд мэдрэгдээд байгаа энэхүү түүхэн боломжийг хажууд нь байгаа бид харин цаг алдалгүй амжилттай ашиглахын тулд санаа нэгтэй, хоёргүй сэтгэлээр ажиллах, бас дахин ажиллах хэрэгтэй байгаа юм. Үүнийг биелүүлэхэд энд хуран цугласан ажил хэргийн хүмүүс та бүгдийн, мөн Монголын улс төрчдийн үүрэг хариуцлага нэн өндөр гэдгийг цохон тэмдэглэж хэлмээр байна.     
Дэлхийн эдийн засагт тэргүүлэх байр суурь эзлэж байгаа БНХАУ-ын эдийн засгийн хөгжил Монгол Улсад ийнхүү ихээхэн боломж нээж буйн зэрэгцээ Монголын эдийн засаг ч бизнес эрхлэгч та бүхэнд чамгүй бололцоог олгож байгаа. Байгалийн баялаг, түүхий эд, эрчим хүчний эх үүсвэр, бараа үйлчилгээний транзит тээврийг хөгжүүлэх Монголын нөөц бололцоог олон улсын өнөөгийн хөрөнгө оруулагчид зүй ёсоор үнэлж, бас сонирхох болсон байна. Сонирхоод зогсохгүй тал талдаа ашиг тустайгаар ашиглах эхний алхмууд хийгдэж эхлээд байна.
Ийм ч учраас өнөөдөр Монгол Улс, БНХАУ-ын худалдаа, эдийн засгийн харилцаа өргөн хүрээтэй, эрчимтэй хөгжиж байна. 2010 оны байдлаар Монгол Улс дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын тал орчим хувийг БНХАУ-ын хөрөнгө оруулалт бүхий 5000 гаруй аж ахуй нэгж эзэлж байна. Үүнд уул уурхай, барилга угсралт, худалдаа, үйлчилгээний салбар голлох үүргийг гүйцэтгэж байна. Урьд нь хөрөнгө оруулалтын тухай ярихад зөвхөн нэг талаас, өөрөөр хэлбэл БНХАУ-аас Монгол улсад хөрөнгө оруулах асуудал яригддаг байсан бол одоо Монголоос Хятад руу хөрөнгө оруулах, Хятадад хамтарсан аж ахуйн нэгж байгуулах эхлэл суурь тавигдаж байна. Энэ үүсгэл санаачилгыг хоёр талын холбогдох байгууллагууд дэмжиж ажиллана гэдэгт найдаж байна.
БНХАУ нь Монгол Улсын гадаад худалдааны гол түнш орон юм. 2010 оны худалдааны дүнгээс харахад манай улсын нийт экспортын 80 гаруй хувь, импортын 30 хувь нь тус тус БНХАУ-д ногдож байна. Гэхдээ хоёр талын худалдааны бүтээгдэхүүний ангилал, бүтцийг цаашид анхаарах шаардлагатай байна. Учир нь Монгол Улсаас БНХАУ-д экспортлож байгаа худалдааны дийлэнх хувийг эрдэс баялаг, уул уурхайн түүхий эд эзэлж байна.
Түүхий эдийг шууд хил дамнуулан худалдаалах нь байгаль орчинд хортой, тээвэрлэлт, ашиглалтын хувьд аль аль талдаа өндөр зардалтай байдаг. Иймд Монголд хагас болон бүтэн боловсруулалт хийж, улмаар БНХАУ болон дэлхийн зах зээлд гаргах арга замыг хайх чиглэлд Монголын төр, засгаас бизнес эрхлэгч Та бүхэнтэй хамтран ажиллахад бүхий л боломжоо ашиглах эрмэлзлэлтэй байна. Хятадын аж ахуйн нэгжүүд Монголын нүүрс, зэс, төмөр, газрын тос, ураны орд зэрэг уул уурхай, эрчим хүчний төслүүд  болон дэд бүтэц, орон сууцны бүтээн байгуулалтын хамтын ажиллагаанд оролцох бүрэн боломжтой бөгөөд Монголын түншүүд хамтран ажиллахад бэлэн байна.  

Монгол Улсын Засгийн газар гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нарт худалдаа, бизнесийн таатай орчин бүрдүүлэх, тэднийг үл ялгаварлах зарчмыг тууштай баримтлан ажиллаж байгаа. 2010 оноос эхлэн Концессын хуулийг батлан хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хууль нь хөрөнгө оруулагчид Та бүхэнд дэд бүтэц, үйлдвэрлэл, үйлчилгээний томоохон төслүүдэд хөрөнгөө оруулж, үр ашгийг хүртэх боломжийг олгож байгаагаараа онцлог юм. Бизнес эрхлэгч нарт учирдаг дэд бүтэц, тээвэрлэлт, логистик, банк санхүү болон төрийн үйлчилгээний салбарын саад бэрхшээлийг арилгах зорилгоор манай Засгийн газар олон томооохон ажлыг төлөвлөж, заримыг нь эхлүүлээд байна.
Тухайлбал, Монголын дотоодын зам, тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх хүрээнд авто зам болон төмөр замын бүтээн байгуулалтын төлөвлөгөөг батлан үе шаттайгаар хэрэгжүүлж эхлээд байна. Түүнчлэн хил, гаалийн үйлчилгээг түргэн шуурхай болгох зорилгоор Гаалийн цахим нэг цонх хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын эхлэлийг тавьсан. Төрөөс олгож буй тусгай зөвшөөрлийг цөөлөх, цэгцлэх улмаар үйл ажиллагааг ил тод болгоход анхааран ажиллаж байгаа гээд болон зүйлийг дурдаж болохоор байна.
Эдгээрээс гадна 2 зүйлийг онцлон дурдах нь зүйтэй болов уу гэж бодож байна.
Нэгдүгээрт, Монгол Улсын эдийн засгийн хөгжил, дотоодын бүтээн байгуулалтыг дэмжих үүднээс Хөрөнгө оруулалтын банкийг саяхан байгууллаа. Чингэснээр улс орны бүтээн байгуулалтад нэн шаардлагатай томоохон чухал гэсэн төслүүдийг төрийн зүгээс санхүүжүүлэх боломж нээгдэх юм.
Хоёрдугаарт, Монгол Улсад хөрөнгийн зах зээлийг төгөлдөршүүлэх бодлогын хүрээнд Монголын Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг шинэчлэн зохион байгуулах ажлыг эхлүүлээд байна. Энэ нь эргээд бизнес эрхлэгч Та бүхэнд хөрөнгө босгох, бизнесээ үр ашигтай өргөжүүлэх ач тустай болно гэж итгэж байна.
Эцэст нь төр, засгийн зүгээс бизнесийн орчныг сайжруулахын тулд хамгийн чухал нь бизнес эрхлэгчдийн санаа бодол, тэдний ололт амжилт, тулгарч буй бэрхшээлийг сонсох, улмаар тэдгээрийг тусгасан зөв шийдвэр гаргах явдал гэдгийг онцлон тэмдэглэе.
Энэ утгаараа өнөөдрийн энэ уулзалт төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, харилцан ойлгойлцлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болно гэж найдаж байна. Цаашид тогтмол зохион байгуулж байх нь чухал гэж үзэж байна.
Та бүхний бизнест өндөр амжилт хүсье. Баярлалаа.
2#
 楼主| 发表于 2011-6-19 11:37:08 | 只看该作者
БНХАУ-ын дэд даргатай уулзлаа


Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд зургадугаар сарын 17-ны өдөр БНХАУ-ын дэд дарга Си Жиньпинтэй уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд БНХАУ-ын төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаогийн урилгаар  БНХАУ-д айлчилж, ноён Си Жиньпинтэй дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаотай хийсэн албан ёсны хэлэлцээ ажил хэрэгч, тодорхой үр дүн авчирсан төдийгүй хоёр орны харилцааг шинэ түвшинд гаргасан ач холбогдолтой уулзалт болсныг Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд тэмдэглэн хэллээ.Түүнчлэн сайн хөршийн харилцан итгэсэн түншлэлийн харилцааг стратегийн түншлэлийн харилцаанд хүргэхээр тохиролцож, улс төрийн итгэлцлийг бэхжүүлэх хамгийн гол нь худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг чанарын шинэ  түвшинд гаргах, хүмүүнлэгийн солилцоог идэвхжүүлэх, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх нь Монгол Хятадын стратегийн түншлэлийн гол агуулга гэдгийг онцоллоо. Харин ноён Си Жиньпиний хувьд Монгол улсын Ерөнхий сайдын айлчлал амжилттай болж байгаад талархал илэрхийлээд, энэ айлчлал хоёр улсын түүхэнд орох том айлчлал боллоо гэдгийг тэмдэглэн хэлэв.
Мөн энэ үеэр ноён дэд дарга Си Жиньпин Монгол улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн эрхт байдал, хөгжлийн замыг хүндэтгэж байгаагаа  дахин нотоллоо. Хоёр улсын түншлэлийн харилцааг стратегийн түншлэлийн харилцаанд хүргэхээр тохирсон нь үнэхээр чухал ач холбогдолтой хэрэг боллоо гэдгийг ч тэрбээр онцолсон бөгөөд Монгол бол хүчирхэг ард түмэн. Хөгжлийн асар их боломж байгаа шүү гэдгийг тэмдэглэж байв. Хятад, Монгол хоёр улс нь хөршүүд учраас хамтдаа хөгжиж, дэлхийд үлгэр жишээ болох боломж бийг ч дурьдаад, ард түмний эрх ашгийг  нэгдүгээрт тавин ажиллаж байгаа Монгол улсын Засгийн газрын бодлогыг дэмждэг гэдгээ илэрхийллээ.
Ноён Си Жиньпин монголд элэгтэй гэдгээ уулзалтын үеэр дахин дахин илэрхийлж байсан бөгөөд уулзалтын товлосон хугацаа нэг цаг гаруй үргэлжиллээ. Мөн өдөр Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд Цинхуа их сургуульд зочилж, лекц уншлаа.Дараа нь БНХАУ-д суралцаж байгаа монгол оюутнуудтай уулзалт хийв. Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдын БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлал ийнхүү өндөрлөлөө гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|手机版|小黑屋|蒙古语翻译事务所 ( 蒙ICP备11002213号-2  

GMT+8, 2024-5-5 07:52 , Processed in 0.067297 second(s), 19 queries .

Powered by Discuz! X3

© 2001-2013 Comsenz Inc.

快速回复 返回顶部 返回列表