网站首页设为首页收藏本站

蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

 找回密码
 注册
查看: 9434|回复: 1
打印 上一主题 下一主题

Бөхийн шинж

[复制链接]
跳转到指定楼层
1#
发表于 2010-9-8 08:12:34 | 只看该作者 回帖奖励 |倒序浏览 |阅读模式
Бөхийн шинж

Бөх болох хүн дараахь хэдэн гол шинжийг хадгалсан байх ёстой гэж үздэг байна.
1. Тайван амгалан атлаа шалмаг, харц сэргэлэн, биерхүү, том, бүсэлхий нарийн цээж бөгс хоёр тэнцүү, хондлой өргөн, хавирга нь завсаргүй юм шиг, яс нь бүдүүн бөгөөд биеийн жин нь хүнд.

2. Толгой талын шинж: хүзүү нь толгойныхоо бүслүүртэй адил бүдүүн, хацрын яс овгор, хоёр түүшүү нь том, нүүр нь дөрвөлжин хэвтэй, шүд бахим, чигжүү, толгойн үс нь духруугаа түрж ургасан, дух багатай, нүд онигор, чих нь хулгардуу, хамар нь монхор.

3. Цээж ба гар талын шинж: цээж түхгэр, зузаан, дөрвөлжин, хөх мах том нь гарын тэнхээтэйн шинж, дал мөр өргөн үл мэдэг бөгтөрдүү, гар урт, хурууны үений хоорондын мах нь бага.

4. Хөл талын шинж: ташаан толгойгоороо өргөн янхирдуу нь хөлдөө бяртайн тэмдэг, бас хөл нь майга мэт, өвдөг нь тэгш гэдрэг шигдэж орсон юм шиг, тахим нь товгор, өвдөгний нүд цаашаа шигдсэн, хөлийн тавхай өргөн, удаан нүсэр алхаатай байдаг.
2#
 楼主| 发表于 2010-9-8 08:13:26 | 只看该作者
Үндэсний бөхийн дүрэм

2002 оны 04 дугаар сарын 12-ний өдөр Улаанбаатар хот НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. Бөхийн барилдааны зохион байгуулалт

1. 1. Барилдааны хэлбэр
a) Бөхчилсөн
б) Тойргийн
в) Бусад хэлбэрийн

1. 2. Барилдааны ангилал
a) Хөвгүүдийн (16 – аас доош насны)
б) Залуучуудын (17 – 18 насны)
в) Хүчит бөхийн
г) Ахмад бөхийн

ХОЁРДУГААР БҮЛЭГ. Бөхийн оноох амлах ёсон

2.1 Улсын баяр наадам ба аливаа бөхчилсөн барилдааны 1, 2, 3, 4, 6 – ийн даваанд цол эрэмбийн дагуу хийсэн оноолтоор барилдах ба бусад даваанд цолны эрэмбээр угтуул бөх нэр сонсон, ам авч барилдана.

2.2 Нэг өдөр цол авсан ижил цолтой бөхчүүдийн чимэгтэй нь эхэлж ам авах ба адил чимэгтэй бол өмнө нь авсан цолны дарааллаар, энэ нөхцөл адил буюу өмнө нь цолгүй байсан бол цол авахдаа ахмад цолтой бөхийг давсан нь, энэ нөхцөл тэнцвэл чансаа илүүтэй нь эхэлж ам авна. Дээрх аргаар эрэмбийг тогтоох боломжгүй бол шодож дарааллыг тогтооно.

2.3 2002 онд шинээр цол авсан бөхчүүдээс эхлэн дараах заалтыг мөрдөн хэрэгжүүлнэ.
a) Улсын баяр наадам ба аливаа бөхчилсөн барилдааны 1, 2, 4, 6 – ийн даваанд цол, амжилтын эрэмбийн дагуу хийсэн оноолтоор барилдах ба бусад даваанд уг эрэмбээр угтуул бөх нэр сонсон, ам авч барилдана.
б) Ижил цолтой бөхчүүдээс тухайн цолны болзлоо ах даваагаар биелүүлсэн нь эхэлж ам авна. Харин ижил даваагаар цол хүртсэн бөхчүүдээс тухайн давааг олон давсан нь эхэлж амлах ба энэ нөхцөл тэнцвэл дүү давааг олон давсан нь түрүүлж амлана. Энэ жишгээр начин цолны доод босго даваа хүртэл тооцоход амжилт нь адил байвал хэн түрүүлж одоогийн цолоо хүртсэн нь амлана. Энэ нөхцөл тэнцүү бол дүү цолуудыг хүртсэн хугацааг дэс дараалан харгалзана.
в) Нэг өдөр, адил даваагаар ижил цол авсан бөхчүүдээс өмнөх цолоо түрүүлж авсан нь эхэлж амлана. Энэ нөхцөл тэнцэх буюу өмнө нь цолгүй байсан бол оноолтод бичигдсэн дарааллаараа эхэлж ам авна. Энэ аргачлалаар эрэмбийг тогтоох боломжгүй бол шодож дарааллыг тогтооно.

2.4 Улсын их баяр наадамд сум, аймаг, цэргийн цолтой бөх ам авахгүй.

2.5 Бөх сондгойрвол хамгийн ахлах цол (эрэмбэ) – той бөхөөс эхлэн гоц мөргүүлнэ.

2.6 Улсын баяр наадамд гоц мөргөхөөргүй тооны бөх барилдуулна.

2.7 Бөхчлөхөөс бусад хэлбэрийн барилдаанд тухайн барилдааныг явуулах зааврын дагуу оноолт хийнэ.

ГУРАВДУГААР БҮЛЭГ. Бөхийн гараа

3.1 Тухайн барилдаанд барилдах бөх зохих асартаа очиж зодоглоно. Танхимын барилдаанд урьдчилан зодоглосон байна.

3.2 Бөх цол (амжилт) – ны эрэмбэ болон оноолт амлалтын дарааллаар асраас гарч өрж зогсон, гуяа гурав алгадан ёс үйлдээд засуул руугаа дэвж очно. Зүүн талын магнайд хамгийн ахлах цол (эрэмбэ) –тэй бөх, барууны магнайд удаах цол (эрэмбэ) –тэй бөх гарах ба бусад бөх цол (амжилт) –ныхаа эрэмбээр зүүн баруун жигүүрт солбин гарна. Ам бөхчүүл угтуул бөхчүүдийн дараа аманд очих дарааллаараа гарна.

3.3 Зүүн талд гарсан бөх засуулынхаа зүүн мөрөн дээр, баруун талд гарсан бөх засуулынхаа баруун мөрөн дээр дарж, мөр солихгүйгээр засуулаа хагас тойрон өөрийн сүр жавхланг үзүүлэн халин дэлнэ.

3.4 Засуулан бөхийн малгайг магнайн талаас нь хүндэтгэлтэйгээр аван, “ тэр бөх хэний хэн бэ” гээд өөрийн бөхийн нэр, алдар цолыг уянгалуулан дуудаж бөхөө тавихад бөх туг, сүлд, индрийн зүг дэвж очин шаваад ах цол (эрэмбэ) –тэй бөхийн сонгосон талбайд барилдахаар очно.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. Бөхийн барилдаан

4.1 Хоёр бөх барилдахаар бие бие рүүгээ харан өрснөөр барилдаан эхлэх ба энэ үеэс цаг тооцно.

4.2 Хэн урьтаж толгой, тохой, өвдөг, их биеийн аль нэг хэсгээр газардвал тэр бөхийг унасанд, нөгөөг нь давсанд тооцно.

4.3 Барилдааны явцад бөхийг тавилцуулах шаардлага гарвал засуулууд өөрсдийн бөхийн элэг бүс, гараас барих буюу тэврэн зогсоох ба барилдааныг цааш үргэлжлүүлэхдээ тавилцах үеийн барьц, байрлалыг хангана. Харин хоёр бөхийн санал нийлсэн тохиолдолд заавал анхны барьц, байрлалыг хангуулах шаардлагагүй.

4.4 Бөхийг дараах нөхцөлд дахин барилдуулна. Үүнд:
a) Хаялцах үед давж байгаа бөхийн элэг бүс алдуурах буюу тасарвал, (унаж буй бөх хаяж байгаа бөхийн элэг бүсийг татаж тайлсанд энэ заалт хамаарахгүй)
б) Учраагаа үзэгчид, засуул, бөхчүүд болон ямар нэгэн саад болох зүйл рүү түрж барьцанд хүрч, улмаар мэх хийх буюу тээглүүлж унагавал,
в) Хайнцвал,
г) Гутлын хүлэг, боолт, оймсны түрийнээс барьж унагавал,
д) Засуул барилдааныг түр зогсоох үед мөн учраагаа өмсгөлөө засаж байхад унагах буюу удааширсан барилдааны үед барьц бариулж байхад мэх хийж унагавал (харин барьц булаацалдан барилдаан өрнөж байхад барилдаанаа зогсоож, учраа бөхийнхөө ирийг дарах зорилгоор өрөлтөө орхин өндийх, эргэн явахад нь мэх хийж унагавал дахин барилдуулахгүй)

4.5 Хоёр бөхийн барилдаан үргэлжлэх үндсэн хугацааг дараах байдлаар тогтооно. Үүнд:
1, 2, 3 –ийн даваа 10 минут
4, 5 –ийн даваа 15 минут
6, 7 – ийн даваа 20 минут
8, 9, 10 –ын даваа 25 минут тус тус байна.

4.6 Барилдааны үндсэн хугацаа дуусахад хаялцаагүй бөхчүүдийн барилдааныг зогсоон, хөлийн цэц шодолт хийнэ.
a) Шодолтоор хожсон бөх шахааны гэж нэрлэгдэх сэнжигдэн элэг бүсдэх, дан шуудагдах, давхар шуудагдах барьцыг өөрийн талаар барьж барилдана. Барьц авсан бөх тогтоосон хугацаанд эс хаявал нөгөө бөхөд дээрх боломжийг олгоно. Энэ барьцнаас эс хаялцвал дараагийн барьцаар бариулах замаар шахааны барьцыг дуустал барилдуулна. Харин хоёр бөх санал нийлсэн тохиолдолд дээрх гурван барьцыг дараалахгүйгээр аль нэгийг сонгон барилдаж болно.
б) Шахааны барьцнаас хаялцаагүй тохиолдолд дахин шодолт хийж хожсон бөх нэг гараар учраагийнхаа араар тойруулан зодогны алсын сүвээнээс, нөгөө гараараа шуудагдан барих ба энэ үед хоёр бөхийн шанаа зөрсөн байх бөгөөд учраа бөх барьц барихгүй. Энэ барьцнаас эс хаявал нөгөө бөхөд дээрх боломжийг олгох замаар барилдааныг дуустал үргэлжлүүлнэ.
в) Сонгосон барьцтай барилдааныг 3 минутаас илүү үргэлжлүүлэхгүй бөгөөд үнээс өмнө барьц тавилцвал дараагийн барьцыг бариулж барилдуулна.

4.7 Тухайн дүйз барилдаан эхэлснээс хойш 10 минут өнгөрөхөд гарч ирээгүй бөхийг унасанд, нөгөө бөхийг давсанд тооцно.

4.8 Нэг даваанд бөхийн эмчилгээ хийлгэх хугацаа нийтдээ 5 хүртэл минут байх бөгөөд үүнээс хэтэрсэн тохиолдолд учирсан бөхийг нь давсанд тооцно. Харин өрсөлдөгч бөх нь цээрээ зөрчин гэмтэл учруулсны улмаас учраа бөх дээрхээс илүү хугацаагаар эмчлүүлэхэд хүрвэл гэмтэл учруулсан бөхийг барилдаанаас хасч, эмчилгээтэй бөхийг давсанд тооцно.

ТАВДУГААР БҮЛЭГ. Барилдааны дараах ёсон

5.1 Давсан бөх унаснаа дэмнэж босгоод сүлд, туг, индрийн зүг давснаа илэрхийлэн дэвж ёслол үйлдээд нар зөв эргэн ирнэ

5.2 Унасан бөх элэг бүсээ тайлан унаснаа зөвшөөрч дүү цол (эрэмбэ) –тэй бөх нь уламжлалын дагуу ахлах цол (эрэмбэ) –тэй бөхийнхөө баруун суган доогуур бөхийсхийн нар зөв тойрч гарч хоёр бөх тахим өгөх авах ёслолыг хүндэтгэлтэйгээр үйлдэнэ. Залуу бөхчүүдийн унасан нь давсныхаа баруун суган доогуур дээрхийн адил тойрч тахим өгнө.

5.3 Засуул давсан бөхийн малгайг магнайн талаас нь хүндэтгэлтэй өмсгөн бөхийнхөө цол, чимэг, нэрийг дуудан, давсныг үзэгчдэд дуулдахаар хэлэхэд бөх сүлд, тугийг нар зөв тойрон дэвж, өмнө нь ирж, нар зөв эргэн, өөрийн талын асар (суудал) – т гүйж очно.

5.4 Тахим өгч авалцсаны дараа унасан бөхийн малгайг засуул гарт нь өгнө.

5.5 Тухайн даваанд гоц мөргөсөн бөх засуул дээрээс гарч давсан бөхийн ёслол үйлдэнэ.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ. Бөхөд цол чимэг олгох ёсон

6.1 Улсын баяр наадамд таваас дээш давж шөвгөрсөн бөхчүүдэд дараах цол олгоно. Үүнд:
a) Улсын наадамд 5, 6 давсан бөхөд улсын начин
-7, 8 давсан бөхөд улсын заан
-9, 10 давсан бөхөд улсын арслан цол
-арслан цолтон түрүүлбэл улсын аварга
-аварга цолтон түрүүлбэл далай аварга
-далай аварга цолтон түрүүлбэл даян аварга
-даян аварга цолтон түрүүлбэл дархан аварга цол олгоно.

б) Аймгийн наадамд 128 бөх барилдахад 5 давсан бөхөд аймгийн начин, үзүүрлэсэн бөхөд аймгийн заан, түрүүлсэн бөхөд аймгийн арслан цол олгоно. Харин 256 бөх барилдсан тохиолдолд 5, 6 давсан бөхөд аймгийн начин цол олгоно.
в) Бүх цэргийн наадмыг улсын хэмжээнд жилд нэг удаа хийж аймгийн наадмынхтай ижил нөхцөлөөр цэргийн начин, цэргийн заан, цэргийн арслан цол олгоно. Цэргийн цол нь аймгийн цолтой ижил эрэмбэтэй байна.
г) Сумын наадамд 64 бөх барилдахад 5 давж үзүүрлэсэн бөхөд сумын начин, түрүүлсэн бөхөд сумын заан цол олгоно. Харин 128 бөх барилдсан тохиолдолд 5, 6 давсан бөхөд сумын начин цол олгоно.

6.2 Улсын баяр наадмаас бусад барилдаанд улс, аймаг, цэрэг, сумын цол олгохгүй.

6.3 Улсын баяр наадамд ахмад бөхийн барилдааныг тусгайд нь явуулж болох бөгөөд нэгийн даваанаас нь ам авч барилдуулна. Энэ барилдаанд шөвгөрч, үзүүрлэж, түрүүлсэн бөхөд цол олгохгүй.

6.4 Улсын баяр наадамд хүүхдийн барилдааныг явуулж болох бөгөөд зөвхөн улсын наадамд түрүүлсэн бөхөд шонхор, үзүүрлэсэн бөхөд шандас цол олгоно.

6.5 Улсын онцгой их ойг тохиолдуулан улсын цолыг хөнгөвчлөн дутуу даваатай бөхөд өсгөж олгохгүй.

6.6 Улсын наадамд шөвгөрсөн, үзүүрлэсэн, түрүүлсэн бөхчүүдэд 2 – 4 үгийн, аймаг, цэргийн наадамд шөвгөрсөн, үзүүрлэсэн, түрүүлсэн бөхчүүдэд нэг үгийн чимгүүдийг олгох бөгөөд сумын наадамд шөвгөрсөн, үзүүрлэсэн, түрүүлсэн бөхчүүдэд чимэг олгохгүй. Үүнд:
a) Улсын наадамд шөвгөрсөн, үзүүрлэсэн, түрүүлсэн бөхчүүдэд дараах чимгийг даваанд нь харгалзуулан олгоно.
- 5 давсан бөхөд: өсөх идэр, улам нэмэх, хурц шаламгай, уран мэхт, өрнөн дэлгэрэх, улам өрнөх, цог нэмэх, идэр шаламгай, хурдан гарамгай
- 6 давсан бөхөд: үнэн зоригт, цогт гарамгай, үлэмж дэлгэрэх, үнэн итгэлт, саруул шаламгай, өнөд амгалант, чин хүчит, идэвхит итгэлт, бат ерөөлт
- 7 давсан бөхөд: саруул сайжрах, хууринан шуугигч, өлзий бадрах, үлэмж хичээнгүй, онц бярдагч, бат нягт, чин зоригт, бахдам гарамгай, хичээнгүй нягт
- 8 давсан бөхөд: үлэмж бадрах, бууршгүй хүчит, тод сонин, баатар зоригт, бат өлзийт, тонж гарамгай, нэн дуурсгалт, харилтгүй жавхлант, хэтэрхий хурц, өнөд түвшин
- 9 давсан бөхөд: баяр наадмын манлай, түмнээс төгөлдөр, улс даяар гайхамшигт, тод сонин үзэсгэлэнт, олныг баясуулагч, бүхнээ дуурсгалт, үнэхээр бишрэлт, өнөд баясгалант, уламжлан дуурсах
- 10 давсан бөхөд: хотлоорыг баясуулагч, харилтгүй үзэсгэлэнт, үлэмж хэтэрхий, тонж гарамгай жавхлант, аугаа хүчит бүхнээ сонсголонт

б) Аймаг цэргийн наадамд шөвгөрсөн, үзүүрлэсэн, түрүүлсэн бөхөд дараах чимгүүдийг даваанд нь харгалзуулан олгоно.
- 5 давсан бөхөд: өрнөх, өлзийт, зоригт.
- 6 давсан бөхөд: цогт, хичээнгүй, хүчит, идэвхит.
- 7, 8 давсан бөхөд: хурц, бадрангуй, хичээлт, итгэлт, ерөөлт, харилтгүй, тод, дуурсах, жавхлант.

6.7 Улсын баяр наадамд барилдаж шөвгөрч, энэхүү дүрмийн болзол хангасан бөхөд Монголын үндэсний бөхийн барилдааны дүрэмд харшлах зүйлгүй бол тухайн жилийн баяр наадмын төв комиссийн дарга, МҮБХ – ны тэргүүн нар гарын үсэг зурж, тус тусын тамга дарсан үнэмлэхийг төрийн нэрийн өмнөөс олгож, цол, чимгийг баталгаажуулна.

ДОЛДУГААР БҮЛЭГ. Бөхийг цоллох ёсон

7.1 Улсын баяр наадмын барилдааны ам авсан даваанаас эхлэн түрүү үзүүр хүртлэх сондгой даваануудад зүүн, баруун талын тэргүүн болон дагавар магнайн бөхчүүдийн цолыг тогтсон уламжлал, баталсан зааврын дагуу нийтлэг гуншин, тухайн бөхийн өөрийнх нь цол, чимгийг хэлж дуудна. Улсын баяр наадмаас бусад барилдааны гурвын даваанд цол дуудаж болно.

7.2 Нийтлэг гуншин нь “Манлайлан дэвэгч, мандан бадрах, маш гайхамшигт, өргөн цолоо дуудуулагч, өнө удаан жилийн баясгалант, олон түмэн ардынхаа дундаас онцгойрон шалгарч, шандас шөрмөс, хүч чадал бүрдэн төрсөн, цог залийг бадруулагч, энэ их баяр цэнгйлийн түгээмэл жавхланг бүрдүүлсэн, идэр залуу” болно.

7.3 Цолоо дуудуулж буй магнайн бөхийг дэлэхээс урьтан аль ч талын бөх дэлэхгүй бөгөөд ам бөхийн нэрийг дуудах үед амласан амлуулсан хоёр бөхөөс бусад бөх дэлэлтээ түр зогсооно.

7.4 Хоёр тал цоллож дуусмагц бөхөө тавих бөгөөд засуул нь бөхийнхөө хойноос цол чимгийг шогшоо дуудлагаар дуудан дагаж явна.

7.5 Аливаа наадам, барилдааны түрүү үзүүрийн хоёр бөхийг барилдахаар гарахад хоёр талын бүх засуул магнайн засуулын араас ханаран хагас суусан байдалтай үлдэж, хүндэтгэл үйлдэнэ.

НАЙМДУГААР БҮЛЭГ. Бөх

8.1 Бөхийн эрх


Бөх нь дараах эрх эдэлнэ.
a) Үндэсний бөхийн бүх шатны барилдаанд барилдах, бөх засах
б) Дүрэмд заасан даваанаас эхлэн цол, амжилтынхаа эрэмбээр ам авах
в) Барилдааны үед гарсан асуудал, маргааныг засуул, хөлийн цэцэд тавьж шийдвэрлүүлэх
г) Зодог тайлах ёслолыг уламжлалын дагуу үйлдэх

8.2 бөхийн үүрэг

Бөх нь дараах үүрэг хүлээнэ.
a) Бөхийн барилдааны дүрмийг судлан мэдэж, сахин биелүүлэх
б) Малгай, зодог, шуудаг, гутлаа бөхийн өмсгөлийн шаардалагад нийцүүлэн хэрэглэх
в) Аливаа наадам, барилдаанд барилдахдаа өөрийн биеэр ирж, цолны үнэмлэхээр бүртгүүлэх
г) Барилдааны үед засуул хөлийн цэцийн дүрмийн дагуух шаардлагыг биелүүлэн, барилдааны талбарт даруу төлөв, ёс жудагтай байх
д) Наадамчин, үзэгч олон түмэнтэй соёлч боловсон харилцаж, хүндэтгэлтэй хандах
е) Барилдааны шуурхай байдлыг хангах, дайчин шалмаг барилдах

8.3 Бөхийн цээр, зэм шийтгэл

Бөх нь чандлан сахих цээртэй байх бөгөөд цээрээ зөрчвөл зэм шийтгэл хүлээнэ.
a) Хориотой буюу буруу барьц барихыг цээрлэнэ. Үүнд:
- Шуудагнаас цавчиж удаан барих
- Элэг бүснээс, мөн сэнжигний ар өврөөс хоёр гараар удаан зуурах
- Зодогны ар өврийн сэнжигийг нийлүүлэн атгах
- Гутлын түрий, оймс, хүлэгнээс барих
- Зодогны ханцуйны амсрыг эргүүлэн дарж барих
- Эдгээр цээрийн аль нэг заалтыг зөрчсөн бөхөд цэц сануулга өгөх ба сануулснаас хойш дахин зөрчих буюу хэд хэдэн цээрийг зэрэг зөрчвөл хөлийн цэцийн шийдвэрээр уг бөхийг барилдаанаас хасах бөгөөд энэ тохиолдолд давааны бай мөрийг олгохгүй.

б) Гэмтээх барьц барих ба хөдөлгөөн хийхийг цээрлэнэ. Үүнд:
- цохиж халах
- хоолой шахах
- зориуд мөргөх
- ямар нэг байдлаар алгадах, цохих
- өшиглөх, тийрэх
- унасан бөхийн дээрээс өвдөглөх, тохойлдох, нитгэрэх, биеийн жингээр дарж жигнэх
-өвдөглөн барьц тавиулах
-хоёр гарыг давхар хөших
-сарвуу буюу шуунаас нэг гараар барьж, нөгөө гарааг элэг бүснээс барьж тохой хөших
-бусад хэлбэрээр үений эсрэг хөших
- Эдгээр цээрийн аль нэг заалтыг зөрчсөн нь учраа бөхдөө гэмтэл учруулаагүй бол уг бөхөд цэц сануулга өгөх ба сануулснаас хойш хоёр дахиа зөрчих буюу хэд хэдэн цээрийг зэрэг зөрчвөл хөлийн цэцийн шийдвэрээр уг бөхийг барилдаанаас хасах бөгөөд энэ тохиолдолд давааны бай мөрийг олгохгүй. Харин гэмтэл учруулсан бол бай мөрийг олгохгүйгээр барилдаанаас хасч, тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр тухайн бөхийн барилдах эрхийг нь гурван сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлнэ.
в) Учраа бөхөө санаатайгаар бэртээхийг цээрлэнэ.
- Энэ заалтыг зөрчсөн үйлдэл нь хуулийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хөлийн цэцийн шийдвэрээр уг барилдаанаас хасч бай мөрийг олгохгүй байхын хамт гэмтсэн бөхийн даатгал болон эмчилгээний зардлыг төлүүлэх, барилдах эрхийг зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хасах шийтгэлийг тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр оногдуулна.

г) Хөлийн цэц засуулын дүрмийн дагуух шаардлага, шийдвэрийг биелүүлэхгүй байх, эсэргүүцэж маргах зэргээр олн нийтийн өмнө жудаггүй зан авир гаргахыг цээрлэнэ.
- Энэ цээрийг зөрчвөл хөлийн цэцийн шийдвэрээр барилдаанаас хасах бөгөөд ноцтой гэж үзвэл тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр барилдах эрхийг нь 1 – 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, энэ хугацаанд цалин, цолны хишиг, шагнал олгохгүй.

д) Аливаа наадам, барилдааны товлосон хугацаанаас хоцрохыг цээрлэнэ.
- Энэ цээрийг зөрчин бөхийн бүртгэл дууссан хойно ирсэн бөхийг ерөнхий цэцийн шийдвэрээр барилдуулахгүй

е) Нэгэнт ам авсан бөх амаа солих, өөрөөсөө хойно эрэмбэтэй бөхийг өмнөө ам авахыг зөвшөөрөх буюу албадах, тэрчлэн хэн нэг бөхийг амлан авахыг өөр бөхөд тулган шахахыг цээрлэнэ.
- Энэ цээрийг зөрчихийг завдсан бөхөд ахлах гарын даа сануулах ба сануулгыг эс биелүүлэн маргавал барилдаанаас хасах саналыг ерөнхий цэцэд тавьж шийдвэрлүүлнэ.

ж) Бөхийн өмсгөлийн стандартын зөрчих, элэг бүсээ хэт чанга, хэт сул болон гүйж саарахаар, алдуурч сулархаар уяхыг цээрлэнэ.
- Энэ заалтыг зөрчвөл засуул, цэцийн зүгээс шаардлага тавин засуулах бөгөөд дахин зөрчих буюу шаардлагыг эс биелүүлвэл хөлийн цэц барилдаанаас хасна.

з) Шахаанаас барьц барих, бариулахаас татгалзах болон уг барьцыг бариулах үед элэг бүс, шуудагны уяаг суллахыг цээрлэнэ.
- Энэ цээрийг зөрчсөн бөхөд хөлийн цэц сануулах ба уг сануулгыг хүлээж авахгүй бол тухайн барилдаанаас хасч, учраа бөхийг давсанд тооцно.

и) Тахим өгөлцөж авалцах үедээ бие биенээ цохих, нудрахыг цээрлэнэ.
- Энэ цээрийг зөрчвөл түүнд учраа бөхтэйгөө гар барих, эсвэл дүрмийн дагуу дахин тахим өгөлцөж авалцах, үзэгчдэд хандан мэхийх байдлаар уучлал гуйхыг хөлийн цэц шаардан гүйцэтгүүлнэ. Эл шаардлагыг эс биелүүлвэл тухайн бөхийн бай мөрийг хасна.

л) Хөлийн цэцийн шийдвэр гараагүй үед малгайгаа шүүрч өмсөх, туг тойрох, хөлийн цэцийн шийдвэр гарсан үед тахим өгөхгүй байхыг цээрлэнэ.
- Энэ цээрийг зөрчвөл хөлийн цэцийн шийдвэрээр тухайн бөхийн бай мөрийг хасах ба хөлийн цэц учраа бөхөд тахим авалгүйгээр туг тойрохыг зөвшөөрнө.

м) Хүч үзэн барилдалгүй бууж өгөх, буулгахыг цээрлэнэ.
- Энэ заалтыг зөрчсөн нь нотлогдвол тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр хоёр бөхийн тухайн барилдааны бай мөрийг олгохгүй байх, цалин болон цолны хишгийг тодорхой хугацаагаар буюу бүр мөсөн хасах, улсын наадамд барилдах эрхийг нэг удаа түдгэлзүүлэх шийтгэл оногдуулна.

н) Барьц барьж барилдахгүй илэрхий зугатан захалж, барилдааныг санаатайгаар удаашруулахыг цээрлэнэ.
- Энэ цээрийг зөрчсөн бөхөд хөлийн цэц хоёр удаа сануулах ба дахин зөрчвөл уг бөхийг унасанд тооцон хасч, бай мөрийг олгохгүй.

о) Сэргээш түүнтэй адилтгах эм бэлдмэл хэрэглэхийг цээрлэнэ.
- Энэ цээрийг зөрчвөл холбогдох зардлыг төлүүлэн, цолыг хурааж, барилдах эрхийг 1 – 2 жилээр хасна.

ө) Гэмт хэрэг үйлдэж, монгол бөхийн нэр хүндийг гутаахыг цээрлэнэ.
- Энэ цээрийг зөрчин, баривчлах ба хорих ялаар шийтгэгдсэн бөхийн барилдах эрхийг МҮБХ – ны тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр ял шийтгэлгүй байх хугацаанд нь түдгэлзүүлж, цолны хишиг, цалин, шагнал олгохгүй.

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ. Хөлийн цэц

Улсын наадам, бусад томоохон барилдаанд цэгц шударга шаардлагатай, хурц хараа, шалмаг хөдөлгөөнтэй бөхчүүд болон цэцдийн зөвлөлийн гишүүдийг, аймаг, цэрэг, сумын наадамд дээрх шаардлагыг хангасан бөхийн зүтгэлтэн болон аймаг, сумын цолтой бөхчүүдийг хөлийн цэцээр томилон ажиллуулна.

9.1 Хөлийн цэцийн эрх Хөлийн цэц нь дараах эрх эдэлнэ.
a) Бөхийн өмсгөлийн шаардлагыг хангуулах
б) Цээрээ зөрчсөн бөх, гарын даа, засуул, тайлбарлагч, эмчиди энэ дүрмийн дагуу зэм шийтгэл үзүүлэх
в) Ам авах бөх хугацаандаа ирээгүй буюу бэлэн байгаагүй бол түүнийг таван минут хүлээгээд дараагийн бөхөөр ам авахуулах зөвшөөрлийг ерөнхий цэц ахлах гарын даад олгох
г) Энэ дүрэмд заасан бусад эрхийг эдэлнэ

9.2 Хөлийн цэцийн үүрэг Хөлийн цэц дараах үүрэг хүлээнэ.
a. Барилдааныг явуулахдаа энэ дүрмийг чанд сахин биелүүлэх
б. Үүргээ биелүүлэх, цээрээ зөрчихгүй байхыг бөх, гарын даа, засуул, тайлбарлагч, эмчид шаардан хангуулах
в. Будлиантай барилдааныг хөлийн цэцийн бүрэлдэхүүнээр хэлэцэн шуурхай шийдвэрлэж, гарсан шийдвэрийг тухайн үед нь тайлбарлагчид хэлж олон түмэнд мэдээлэх
г. Бөхчүүдийг тогтоосон хугацаанд ам авахуулах
д. Барилдааны үед гарсн зөрчил, түүнийг шийдсэн байдал, цаашид шийдвэрлүүлэх асуудлаар саналаа удирдах байгууллагадаа албан ёсоор гаргаж өгөх
е. Ерөнхий цэц жаяг дэгийн баг дахь эмчийг удирдан ажиллах бөгөөд эмч нь шаардлагатай үед эмнэлэгийн тусламжийг хөнгөн шуурхай үзүүлэх, эрүүл мэндийн хувьд барилдах боломжгүй бөхөд магадлагаа олгох, барилдааны байрны эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангуулах үүрэгтэй.

9.3 Хөлийн цэцийн цээр, зэм шийтгэл Хөлийн цэц нь дараах зүйлийг цээрлэх бөгөөд цээрээ зөрчвөл зохих зэм шийтгэл хүлээнэ.
a. Аливаа асуудлыг шийдэхдээ байгууллага, танил тал, нутаг усны явцуу үзэл гаргахыг цээрлэнэ.

б. Асуудлыг шуурхай шийдвэрлэхгүй бөөрөнхийлж бөхчүүдийг маргалдуулах, үзэгчидийг чилээхийг цээрлэнэ.
- Дээрх цээрийг зөрчсөн болон үүргээ хангалтгүй биелүүлсэн цэцэд ерөнхий цэцийн шийдвэрээр ажлын хөлсийг олгохгүй байх, тэргүүлэгчидийн хурлын шийдвэрээр хөлийн цэц хийх эрхийг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх, ноцтой гэж үзвэл цаашид хөлийн цэц хийх эрхийг хасна. Харин ерөнхий цэц дээрх цээрүүдийг зөрчвөл түүнийг тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн, сануулах, цэц хийх эрхийг нэг жил хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх болон бүрмөсөн хасах шийтгэл оногдуулна.

в. Гэмт хэрэг үйлдэж, ял шийтгэгдсэн хүнийг шийтгэлтэй байх хугацаанд нь хөлийн цэцээр ажлуулахгүй.

АРАВДУГААР БҮЛЭГ. Засуул Засуул нь улсын хүндэт засуул, улсын цоллооч засуул, улсын засуул, засуул, дэд засуул гэсэн зэрэг дэвтэй байна.

10.1 Засуулын эрх
Засуул нь дараах эрхийг эдэлнэ.
a. Улсын зэрэгтэй засуул баяр наадмын болон бусад наадам, барилдаанд засуулаар ажиллах, цол дуудах
б. Бөхийн өмсгөл шаардлагад нийцэж байгаа эсэхийг шалган засуулах, шаардлагатай тохиолдолд хөлийн цэцэд мэдүүлэн шийдвэрлүүлэх
в. Дүрмийн шаардлагыг биелүүлээгүй болон өмсгөл нь стандартын шаардлага хангаагүй бөхийг засахаас татгалзах
г. Үүргээ биелүүлээгүй, цээрээ зөрчсөн бөхийн барилдааныг зогсоож, тухайн бөхийг барилдаанаас хасах саналыг хөлийн цэцэд тавьж шийдвэрлүүлэх

10.2 Засуулын үүрэг Засуул нь дараах үүргийг хүлээнэ.
a. Монголын үндэсний бөхийн барилдааны дүрмийг судлан мэдэж, дүрмийн шаардлагад нийцүүлэн шударга, эрэмгий ажиллах
б. Бөхийн цолыг энэхүү дүрмийн дагуу зөв дууддаг байх
в. Бөхийн мэх, барилдааны ур чадварыг судлан мэдэж, засч буй бөхдөө барилдааны арга мэхийг зааж зөвлөх
г. Барилдааны явцад анхааралтай байж, зөв шийдвэр гаргах, элдэв будлиан маргаан гарвал бөхөө төлөөлж хөлийн цэцэд үнэн зөвөөр мэдүүлэх

10.3 Засуулын цээр, зэм шийтгэл Засуул нь дараах зүйлийг чандлан цээрлэх бөгөөд цээрээ зөрчвөл зэм шийтгэл хүлээнэ.
a. Барилдааны шийдвэрлэх эгзэгтэй үед хүч нэмэн дэмжсэн байдлаар бөхөө түлхэх, алгадах, түших
б. Танил тал харах, нутаг усны явцуу үзэл, шударга бус хандлага гаргах
в. Будлиан маргаантай болсон барилдааны шийд гараагүй байхад бөхийн малгайг өмсүүлэх
г. Дүрэм зөрчсөн бөхтэй эвлэрэнгүй хандаж бөөрөнхийлөх, хоёр нүүр гаргах
д. Бөхчүүдэд дүрмийн бус шаардлага тавих, бөх болон жаяг дэгийн багийн гишүүд наадамчидтай зүй бусаар харилцах
е. Дүрэмд заасан хувцасыг өмсөхгүй байх, дүрмийн бус өмсгөл дураар хэрэглэх
ж. Өөрийн засаагүй бөхийн барилдааны маргаанд хөндлөнгөөс оролцохыг тус тус цээрлэнэ.

- Дээрх цээрийг зөрчсөн засуулд ерөнхий цэц сануулах, тухайн барилдаанд ажиллахгүй байх, ажилласны хөлсийг хасах зэм хүлээлгэх ба үүрэг, цээрээ удаа дараа буюу ноцтой зөрчвөл зэрэг дэвийг бууруулах, засуул хийх эрхийг зургаан сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлэх, улмаар эрхийг бүрмөсөн хасах шийтгэлийг тэргүүлэгчдийн хурлаас оногдуулах
- Гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдсэн хүнийг шийтгэлтэй байх хугацаанд нь засуулаар ажиллуулахгүй.

10.4 Засуулын хувцас
a. Засуулын хувцас бусдаас ялгарах загвар хийцтэй байх бөгөөд түүнийг тусгай журмаар батална
б. Засуул нь хувцасаа батлагдсан загварын дагуу биеийн галбиртаа тохируулан, өөрөө хийж өмсөнө.

АРВАННЭГДҮГЭЭР БҮЛЭГ. Гарын даа Гарын даа нь улсын хүндэт гарын даа, улсын ахлах гарын даа, улсын гарын даа, гарын даа гэсэн зэрэг дэвтэй байна.

11.1 Гарын даагийн эрх Гарын даа нь дараах эрх эдэлнэ.
a. Улсын зэрэгтэй гарын даа улсын баяр наадам болон бусад наадам, барилдаанд гарын даа, хаяавчаар ажиллах
б. Барилдааны товлосон цагаас өмнө ирж бүртгүүлэхийг бөхчүүдээс шаардан хэрэгжүүлэх
в. Угтуул бөхийн нэгэнт авсан амыг буцааж солиулахгүй байх
г. Бөхийн цолны үнэмлэхийг шаардлагатай үед үзэж шалгах, зөрчилтэй бол зохих журмын дагуу шийдвэрлүүлэх

11.2 Гарын даагийн үүрэг Гарын даа нь дараах үүрэг хүлээнэ.
a. Монголын үндэсний бөхийн барилдааны дүрмийг судлан мэдэж сахин биелүүлэх
б. Барилдааны товлосон хугацаанаас өмнө ирж, бүртгэл оноолтыг хийх
в. Оноолт хийх, ам авхуулахдаа бөхчүүдийн цол, амжилтын эрэмбийг хатуу баримтлах
г. Ам авч байгаа бөхөд ам бөхчүүдийг нэр, цолоор нь тод хэлж танилцуулах, улсын баяр наадамд энэ үүргийг ахлах гарын даа гүйцэтгэх
д. Ам авах хугацаанд ирээгүй бөхийг хүлээхгүйгээр ерөнхий цэцийн бичгээр өгсөн албан ёсны зөвшөөрлийг үндэслэн дараагийн бөхөөр ам авахуулах ба амлах дарааллаасаа хоцорч ирсэн бөхийг тухайн үед нь ам авахуулах
е. Бөхийн оноолт ам авсан байдлыг бөхийн тайлбарлагч нарт шуурхай хүргэх
ж. Наадам, барилдааны дараа зохих баримт бичгийг эмхлэн бүрдүүлж, үндэсний бөхийн шат шатны холбоодод хүлээлгэн өгөх
з. Ахлах гарын даа нь хаяавчийг удирдан ажиллах

11.3 Гарын даагийн цээр, зэм шийтгэл Гарын даа хаяавч нь дараах зүйлийг чандлан цээрлэх бөгөөд цээрээ зөрчвөл зэм шийтгэл хүлээнэ.
a. Бөхийн цол, эрэмбийг санаатайгаар зөрчин оноолт хийх
б. Ам авахаар нэр сонсож буй бөхөд ам бөхчүүдийн нэрийг бүрэн сонсгохгүй, санаатайгаар нуун дарагдуулах
в. Ам авч байгаа бөхөд зөвлөх нэрээр хэн нэгнийг амлуулахаар албадах, ятгах
г. Бөхийн давсан унасан маргаанд оролцох
д. Давсан унасан бөхийг буруу тэмдэглэх, давсан бөхийн нэрийг санаатайгаар нуун дарагдуулахыг тус тус цээрлэнэ

- Дээрх цээрийг зөрчсөн гарын даа, хаяавчид ерөнхий цэц сануулах, тухайн барилдаанд ажиллуулахгүй байх, ажилласны хөлсийг хасах зэм хүлээлгэх ба үүрэг, цээрээ удаа дараа буюу ноцтой зөрчвөл зэрэг дэвийг бууруулах, гарын даа, хаяавч хийх эрхийг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх, улмаар эрхийг бүр мөсөн хасах шийтгэлийг Тэргүүлэгчдийн хурлаас оногдуулах

- Гэмт хэрэг үйлдэж, ял шийтгэгдсэн хүнийг шийтгэлтэй байх хугацаанд нь гарын даагаар ажиллуулахгүй.

АРВАНХОЁРДУГААР БҮЛЭГ. Тайлбарлагч

Тайлбарлагч нь улсын хүндэт тайлбарлагч, улсын тайлбарлагч , тайлбарлагч гэсэн зэрэг дэвтэй байна.
12.1 Тайлбарлагчийн эрх Тайлбарлагч нь дараах эрх эдэлнэ.
a. Улсын зэрэгтэй тайлбарлагч улсын баяр наадам бусад наадам, томоохон барилдаанд тайлбарлагчаар ажиллах
б. Тайлбар хийх техникийн шаардлага хангагдаагүй тохиолдолд бөх тайлбарлахаас татгалзах
в. Барилдааны явцад бөх, засуул, түүнчлэн үзэгчидээс бөхийн барилдааны дүрэм, ёс жудгийг зөрчих тохиолдолд түүнийг засуулах зорилгоор анхааруулах
г. Зарлаж мэдээлэх зүйл албан ёсны бөгөөд хэл найруулгын хувьд зөв гаргацтай байхыг шаардах
д. Тухайн барилдаантай холбоотой хөтөлбөр, лавлагааг шаардах
е. Удирдлага болон ерөнхий цэцийн зөвшөөрөлгүй зүйлийг хэлж зарлах, сурталчлахаас татгалзах

12.2 Тайлбарлагчийн үүрэг

Тайлбарлагч нь дараах үүрэг хүлээнэ.
a. Монголын үндэсний бөхийн барилдааны дүрмийг судлан мэдэж сахин биелүүлэх
б. Улсын радио, телевизийн нэвтрүүлэгчид тавигддаг мэргэжлийн шаардлагыг хангасан байх
в. Бөхийн нэр алдар, харъяалал, цол чимэг, амжилт, барилдааны ур чадвар, онцлог, тухайн барилдааны явцад, хоёр бөхийн харилцан хийж байгаа мэхийн нэр, хувилбар, даац, үлдэц зэргийг үзэгч, сонсогч олонд элдэв нэмэр хачиргүйгээр үнэн зөв, уран яруу, ойлгомжтой тайлбарлах
г. Байгууллага хувь хүнээс зарлаж мэдүүлэхээр ирүүлсэн зүйлийг эрх бүхий байгууллага, ажилтны зөвшөөрлийн дагуу мэдээлэх, зарлах
д. Монгол бөхийн талаарх мэдлэг, нэвтрүүлгийн ур чадвараа байнга дээшлүүлж байх
е. Барилдааны явцад “Монголын үндэсний бөхийн барилдааны дүрэм” түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдсон журам, заавар, үндэсний бөхийн холбоодын үйл ажиллагааны талаар болон монгол бөхийн ёс жудгийн тухай үзэгч, сонсогчдод товч тодорхой тайлбарлан таниулж байх
ж. Тухайн барилдааны үеэр тайлбарлан таниулах баримт сэлтийг уншиж судлан, бэлдсэн байх

12.3 Тайлбарлагчийн цээр, зэм шийтгэл

Тайлбарлагч нь дараах зүйлийг цээрлэх бөгөөд цээрээ зөрчвөл зэм шийтгэл хүлээнэ.
a. Барилдсан хоёр бөхийн хэн давсан нь тодорхой биш байхад давсан унасныг зарлах
б. Барилдаж буй бөхчүүдэд хандах мэх заах, зөвлөх, тэднийг хувь хүний хувьд ёжлох, шоглох, дөвийлгөн магтах
в. Бөхийн барилдааны талаарх маргаанд оролцох
г. Барилдааны үед улс төр, бизнесийн сурталчилгаа болон барилдаанд хамааралгүй бусад зүйлийг дур мэдэн ярих, мэдээлэх, зарлах
д. Зохих зөвшөөрөл, эрхгүй хүнд микрофон шилжүүлэхийг тус тус цээрлэнэ.

- Дээрх цээрийг зөрчсөн тайлбарлагчид ерөнхий цэц сануулах, тухайн барилдаанд ажиллуулахгүй байх, ажилласны хөлсийг хасах зэм хүлээлгэх ба үүрэг, цээрээ удаа дараа буюу ноцтой зөрчвөл зэрэг дэвийг бууруулах, тайлбарлагч хийх эрхийг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх, улмаар эрхийг бүр мөсөн хасах шийтгэлийг тэргүүлэгчдийн хурлаас оногдуулна.

- Гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдсэн хүнийг шийтгэлтэй байх хугацаанд нь тайлбарлагчаар ажиллуулахгүй

АРВАНГУРАВДУГААР БҮЛЭГ. Бусад зүйл

13.1 Энэ дүрмийн “ Улсын баяр наадам” гэдэгт бөхөд цол чимэг олгож буй сум, аймаг, улсын наадмыг ойлгоно.

13.2 Энэ дүрмийн “ Тэргүүлэгчдийн хурал” гэдэгт шат шатны, “ Сум, Аймаг, Улсын ” Үндэсний бөхийн холбооны Тэргүүлэгчдийн хурлыг ойлгоно.

13.3 Үүрэг, цээрээ зөрчсөн бүх, засуул, цэц, гарын даа, тайлбарлагчид зэм шийтгэл хүлээлгэх эсэх асуудлыг хэлэцэх Тэргүүлэгчдийн хурал нь тухайн зөрчил гарсанаас хойш 7 – 21 хоногийн дотор хуралдана.

13.4 Жил бүрийн улсын баяр наадмаас 14 хоногийн дараа шат шатны Үндэсний бөхийн холбоод бөхчүүдийн цол амжилтын эрэмбийг шинэчилэн гаргаж, хэвлэлд нийтлэн баталгаажуулна.

13.5 Жаяг дэгийн багт ажилласан хөлийн цэц, засуул, гарын даа, хаяавч, тайлбарлагч, эмч нарт ажлын хөлс, барилдсан бөхчүүдэд мөрийг баталсан журмын дагуу олгоно.

13.6 Энэхүү дүрмийг хэрэгжүүлэх тусгай зааврыг МҮБХ – ны Тэргүүлэгчдийн хурлаар батлан гаргана.

您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|手机版|小黑屋|蒙古语翻译事务所 ( 蒙ICP备11002213号-2  

GMT+8, 2024-5-6 06:05 , Processed in 0.090175 second(s), 18 queries .

Powered by Discuz! X3

© 2001-2013 Comsenz Inc.

快速回复 返回顶部 返回列表